1. Самуел нас эцэслэв. Бүх Израиль цугларч, түүний төлөө гашуудан, түүнийг Рама дахь гэрт нь оршууллаа. Давид босож, Параны цөл уруу явав.
2. Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш их баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байх зуур
3. (тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Өнөөх эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй байсан боловч нөхөр нь зөрүүд, муухай зантай байжээ. Тэр калеб хүн ажээ.)
4. Давид Набалыг хонио хяргаж байгааг цөлд сонсов.
5. Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ—Кармел өөд явж, Набалтай уулзан, миний нэрийн өмнөөс түүний мэндийг асуу.
6. Та нар ингэж мэндчилэгтүн. “Урт удаан наслаарай. Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай.
7. Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэднийг гомдоогоогүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй.
8. Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуусыг ивээж өгнө үү. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны боолууд болон таны хүү Давидад таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв.
9. Давидын залуус тэнд ирцгээж, хэлсэн бүх үгсийн дагуу Давидын нэрийн өмнөөс Набалд хэлэн хариуг хүлээв.
10. Харин Набал Давидын зарц нарт хариулахдаа—Давид гэж хэн юм бэ? Иессийн хөвгүүн гэж хэн юм бэ? Одоо эзнээсээ зугтаах боолууд олон боллоо.