15. ЭЗЭН Давидын дайснаас нэгийг ч үлдээлгүй газрын хөрснөөс устгасан үед ч чи өөрийн хайр энэрлийг миний гэрээс үүрд салгахгүй байх болтугай хэмээн өгүүлэв.
16. Ионатан Давидын гэртэй гэрээ байгуулаад—ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв.
17. Ионатан Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ.
18. Ионатан Давидад—Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно.
19. Гурван өдөр болоход чи гарч яван, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.
20. Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина.
21. Би нэгэн хөвгүүнийг явуулж, “Явж, сумнуудыг олж ир” гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан “Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир” гэж хэлбэл, чи гарч ирээрэй. Учир нь ЭЗЭНий амьд буйгаар тангараглая, чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй.
22. Харин хэрэв би залууд “Хар, сум чиний цаад талд байна” гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна.
23. Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, ЭЗЭН чи бид хоёрын хооронд мөнхөд байна гэж хэлэв.
24. Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход, хаан зоогийн ширээнд суулаа.
25. Хаан заншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Абнер Саулын хажууд суусан ба Давидын суудал хоосон байв.
26. Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр—Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ.
27. Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас—Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? хэмээн асуув.
28. Тэгэхэд Ионатан Саулд—Давид Бетлехем уруу явахаар надаас ихэд гуйсан юм.
29. Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв би тааллыг тань олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” хэмээн хэлсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм хэмээн хариулав.
30. Саул Ионатанд ихэд хилэгнэн—Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн, эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?
31. Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж, түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой хэмээн өгүүлэв.
32. Харин Ионатан эцэг Саулдаа хариулан,—Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? хэмээн өгүүлэв.
33. Тэгэхэд Саул Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.
34. Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь түүний эцэг Давидыг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.