39. Давид Саулын хуягны гадуур Саулын илдийг бүслээд, сураагүй учир алхаж үзэв. Ийнхүү Давид Саулд—Сураагүй учир би үүнийг өмсөн явж чадахгүй нь гээд өмсгөлийг нь тайлжээ.
40. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч, горхиноос өөртөө таван мөлгөр чулуу шилж аваад, өөрийнхөө хонины уутанд хийж, дүүгүүрээ гартаа барин, өнөөх филист хүн уруу явав.
41. Тэгэхэд филист хүн ч бамбай баригчаа урдаа зогсоон, Давид уруу ойртож ирэв.
42. Филист хүн харж, Давидыг үзээд түүнийг үл тоомсорлов. Учир нь Давид залуухан, улаа бутарсан, сайхан төрхтэй хөвгүүн байв.
43. Филист хүн Давидад—Чи юунд таяг барьж над уруу ирэв? Би нохой юм уу? гэв. Филист хүн өөрийнхөө бурхдаар Давидыг хараав.
44. Филист хүн Давидад—Нааш ир, би чиний махыг огторгуйн шувууд, хээрийн араатанд өгье хэмээн занав.
45. Давид филист хүнд—Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна.
46. Өнөөдөр ЭЗЭН чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад, чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би филист цэргүүдийн хүүрийг огторгуйн шувууд, хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд Бурхан байна гэдгийг мэдэх болно.
47. Энэ цугласан олон ч ЭЗЭН илд, жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буй заа. Энэ тулалдаан бол ЭЗЭНийх бөгөөд ЭЗЭН та нарыг бидний гарт өгнө хэмээв.
48. Филист хүн босож, Давидтай барилцахаар өөдөөс нь ойртож ирэхэд Давид ч филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны шугам уруу яаран гүйж ирлээ.
49. Давид уутанд гараа хийж, нэг чулуу аван дүүгүүрээр дүүгүүрдэн, филист хүний духыг онов. Чулуу дух уруу нь зоогдоход тэр нүүрээрээ газар шаан унав.
50. Ийнхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал филист хүнийг тэр цохиж алав.
51. Давид гүйж очин, тэр филист хүний дээр гарч, түүний илдийг хуйнаас нь сугалан авч, түүнийг алан, толгойг нь илдээр цавчин таслав. Өөрсдийн ирүүл дайчин үхсэнийг филистчүүд үзээд зугтацгаав.
52. Израиль болон Иуда хүмүүс босож, уухайлан хашхирч, филистчүүдийг хөндий, Екроны хаалга хүртэл хөөв. Шаараимаас Гат болон Екрон хүртэлх замаар алагдсан филистчүүд унацгаасан байв.
53. Израилийн хөвгүүд филистчүүдийг хөөхөө болин буцаж ирээд, филистчүүдийн хуарангуудыг дээрэмдэв.
54. Дараа нь Давид нөгөө филист хүний толгойг авч, Иерусалимд авч ирсэн ба харин зэвсгийг нь майхандаа тавив.
55. Саул Давидыг тэрхүү филист хүний эсрэг гарч явахыг хараад цэргийн жанжин Абнераас—Абнер аа, энэ залуу хэний хөвгүүн бэ? хэмээн асуув. Абнер—Хаантан минь, таны амиар тангараглая. Би мэдэхгүй гэв.
56. Тэгээд хаан—Чи тэр залууг хэний хөвгүүн болохыг асуугтун хэмээн тушаав.
57. Давид тэр филист хүнийг алаад буцаж ирсэнд Абнер түүнийг Саулын өмнө дагуулан очив. Давид филист хүний толгойг гартаа барьсан байв.