9. Саул Самуелыг орхин салж явсан тэр үед Бурхан Саулын зүрхийг өөрчлөв. Тэдгээр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгдэв.
10. Тэд нөгөө даваанд хүрэхэд хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр хүчтэй буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.
11. Саулыг урьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо—Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв.
12. Тэнд байсан нэгэн хүн—Тэдний эцэг нь хэн бэ? гэв. Тийм учраас—Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэдэг хэллэг гарчээ.
13. Саул эш үзүүлж дуусаад, мөргөлийн өндөрлөг уруу ирэв.
14. Саулын авга ах түүнээс болон түүний зарцаас—Та нар хаашаа явав? гэхэд Саул—Илжигнүүдээ хайхаар явлаа. Олдохгүй болохоор нь Самуел дээр очоод ирлээ гэж хэлэв.
15. Саулын авга ах нь—Самуелын та нарт юу хэлснийг надад хэлээч гэв.
16. Саул авга ахдаа—Илжигнүүд олдов гэдгийг тэр бидэнд мэдүүлэв гэв. Гэвч Самуелын дурьдсан хаанчлалын талаар Саул авга ахдаа хэлсэнгүй.
17. Үүний дараа Самуел ард олныг Мизпад ЭЗЭН уруу дуудан цуглуулсан билээ.
18. Тэрээр Израилийн хөвгүүдэд—Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ” гэв.
19. Гэтэл бүхий л гай гамшиг, зовлонгоос чинь авардаг өөрсдийнхөө Бурханаас та нар өнөөдөр татгалзсан билээ. Гэсэн ч та нар “Бидний дээр хааныг тавигтун!” гэцгээсэн. Тийм учраас одоо Бурханы өмнө овог болон ураг төрлөөрөө зогсогтун гэж хэлэв.
20. Ингээд Самуел Израилийн бүх овгуудыг ойртуулан дуудуулсан бөгөөд Бениамины овог шавгаар сонгогдов.
21. Дараа нь тэр Бениамины овгийг ураг ургаар нь ойртуулсан бөгөөд Матрийн ураг сонгогдсон билээ. Кишийн хөвгүүн Саул сонгогдов. Харин хүмүүс Саулыг эрж хайсан боловч олсонгүй.
22. Тийм учраас хүмүүс ЭЗЭНээс—Тэр хүн энд ирсэн үү? гэж дахин асуув. ЭЗЭН—Харагтун, тэр ачаан дотор нуугдаж байна гэв.
23. Хүмүүс гүйн очиж, түүнийг тэндээс дагуулан ирэв. Саул ард олны дунд зогсоход, ард олны дундаас мөрөөрөө өндөр байв.
24. Самуел ард түмэнд—ЭЗЭНий сонгосон энэ хүнийг та нар харж байна уу? Үнэхээр бүх ард түмний дунд энэ хүнтэй эн зэрэгцэх хүн үгүй билээ гэж хэлэв. Тиймээс бүх хүмүүс баярлан уухайлж,—Хаан мандтугай! гэв.
25. Дараа нь Самуел ард олонд хаанчлалын тогтоолуудыг мэдүүлж, тэдгээрийг номд бичин, ЭЗЭНий өмнө тавив. Самуел бүх ард олныг гэр гэрт нь буцаав.
26. Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ.
27. Харин зарим үл бүтэх этгээдүүд—Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? хэмээн түүнийг басамжилж, түүнд ямар ч бэлэг авчирсангүй. Харин Саул дуугүй байв.