1. Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.
2. Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ.
3. Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв.
4. Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ.
5. Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв. Учир нь тэр Ханнад хайртай байсан боловч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ.