1 Коринт 15:29-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ?

30. Яагаад бид ч цаг үргэлж аюул дотор байна вэ?

31. [Ах дүү нар аа,] би өдөр бүр үхдэгээ бидний Эзэн Христ Есүс дотор та нарын талаарх өөрийнхөө бахархлаар баталъя.

32. Хэрэв би хүний ёсоор Ефест зэрлэг араатнуудтай тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол “Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая”.

33. Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”.

34. Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үйлдэхээ боль. Учир нь заримд нь Бурханы тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үүнийг хэлж байна.

35. Гэхдээ хэн нэгэн хүн “Үхэгсэд яаж амилуулагддаг вэ? Тэд ямар төрлийн биетэй ирэх вэ?” гэж асууж магадгүй юм.

36. Мунхаг аа, чиний тарьдаг нь хэрэв үхэхгүй бол амилахгүй.

37. Чиний тарьдаг нь, ирээдүйн бие бус, харин нүцгэн үр юм. Магадгүй улаан буудайн ч үр юм уу, эсвэл ямар нэгэн өөр үр байж болох юм.

38. Харин Бурхан Өөрийн хүссэнчлэн түүнд бие өгдөг. Үр бүр өөрийн биетэй аж.

39. Бүх махан бие адилгүй. Хүний махан бие нэг байхад амьтдын махан бие өөр, шувуудын махан бие өөр, загаснуудын махан бие өөр аж.

40. Мөн тэнгэрлэг биес ба газрын биес гэж байдаг. Харин тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм.

41. Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг.

42. Үхэгсдийн амилалт нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдаж, үл муудах байдал дотор амилуулагдана.

1 Коринт 15