6. Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханых биш хүн биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг мэднэ.
7. Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм.
8. Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ.
9. Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм.
10. Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм.
11. Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой.
12. Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно.
13. Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ.
14. Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна.
15. Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна.
16. Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.